Засгийн газрын 54-р тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


    2008 оны 12 дугаар                                                                                                         
           сарын  10-ны  өдөр                                       Дугаар 54                                   лаанбаатар  хот

Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн
урамшил олгох тухай

       Төрийн албаны тухай хуулийн 31.3, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улирал тутам олгож байсугай.

    2. “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

    3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.





                             Монгол Улсын Ерөнхий сайд                                                 С.БАЯР


Боловсрол, соёл, шинжлэх
                             ухааны сайд                                                                        Ё.ОТГОНБАЯР


                              Сангийн сайд                                                                     С.БАЯРЦОГТ







Засгийн газрын 2008 оны 54 дүгээр
           тогтоолын хавсралт



  ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,
 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, БУСАД АЛБАН
ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР
МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг зүйл

1.1. Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хэрэгжилтийн чанар, түвшинг үндэсний хэмжээнд жигдрүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэн боловсролын үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэхэд “Боловсролын шинэчлэлийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил” (цаашид “улирлын урамшил” гэх)-ын зорилго оршино.

1.2. Боловсролын шинэчлэлийн үр дүн гэж сургалтын ажил эрхэлдэг багш, түүний үйл ажиллагааг удирддаг, дэмждэг бусад албан хаагчийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэ арга барилын цогц үр дүн болж илрэх суралцагчдын эзэмшсэн хэрэгцээтэй мэдлэг, бүтээлч чадвар, эерэг зан үйл, хүмүүнлэг ёс зүй, шинжлэх ухаанч хандлага болох цогц чадамжийг ойлгоно.

1.3. Улирлын урамшлыг төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, Гэгээрлийн төв (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ийн багш, удирдах болон мэргэжлийн албан хаагч, нийт ажилтанд тус тус олгоно.

1.4. Улирлын урамшлыг тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх хүрээнд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэн бодитой ахиц гаргаж (боловсролын стандарт, 11 болон      12 жилийн сургалтын шинэ төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тавигдах шалгуур, үзүүлэлтийг хангаж) ажилласны төлөө олгоно.

1.5. Улирлын урамшлын хэмжээг энэхүү журмын 2.4-т заасан үнэлгээг харгалзан тухайн жилийн төсөвт дээрх урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан энэхүү журмын 2.9, 2.11-т заасан шийдвэрийг үндэслэн албан хаагчийн үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.

Хоёр. Улирлын урамшил олгоход баримтлах шалгуур, үнэлгээ

Сургалтын байгууллагын багш, албан хаагчид улирлын урамшил олгохдоо дараахь зорилтот бүлгүүдийн албан тушаалын чиг үүргийн онцлогт тохирсон шалгуурыг баримталж, энэхүү журмын хавсралтад заасны дагуу ажлын үр дүнг үнэлэх аргачлалыг ашиглана. 

2.1.1. Сургалтын байгууллагын багшид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална:

2.1.1.1. нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт;

2.1.1.2. сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт;

2.1.1.3. сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, ашиглалт, сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт;


2.1.1.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.2. Сургуулийн сургалтын менежер, хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.2.1. сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, бүх анги, бүлгийн бүх хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт;

2.1.2.2. сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт;

2.1.2.3. сургалтын байгууллагын сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалт,  сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт;

2.1.2.4.  багш, суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.3. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.3.1. сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт;

2.1.3.2. сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, сайжруулсан байдал,          хяналт-шинжилгээ;

2.1.3.3. сургалтын байгууллагын материаллаг орчин бүрдүүлэлт, ашиглалт, үр өгөөж,  хамт олны сэтгэл зүйн орчны бүрдүүлэлт;

2.1.3.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.4. Сургуулийн нийгмийн ажилтанд улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.4.1. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлт;

2.1.4.2. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ;

2.1.4.3.  хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт;

2.1.4.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.5. Сургуулийн дотуур байрны багш, хүүхдийн цэцэрлэгийн туслах багшид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.5.1.  хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлт;

2.1.5.2. хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлтийн хэрэгжилт;

2.1.5.3. хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт;

2.1.5.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.6. Сургуулийн номын санчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална: 

2.1.6.1. багш, сурагч, бусад үйлчлүүлэгчид шаардлагатай ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгаа;

2.1.6.2.  багш, сурагчдын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглалтын төлөвлөлт, хяналт-шинжилгээ;

2.1.6.3.  ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний төрөл, хүртээмжийн нэмэгдүүлэлт;

2.1.6.4. ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний сурталчилгаа, мэргэжлийн зөвлөгөө.

2.1.7. Сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эмчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.7.1. багш, суралцагч, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байдал, эрүүл мэндийн судалгаа;

2.1.7.2. эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал;

2.1.7.3. сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйн орчны стандартын хяналт-шинжилгээ, үнэлгээ;

2.1.7.4. сургуулийн үдийн цай (хоол) болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн хоолны хүртээмж, чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээ.

2.1.8. Сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, сантехникч, цахилгаанчин, мужаан, манаач, үйлчлэгч, галч зэрэг бусад албан хаагчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг  баримтална:

      2.1.8.1. Боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмэр, дэмжлэг туслалцаа.

2.2. Улирлын урамшлын шалгуурыг албан хаагчийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан бүтээгдэхүүнд үндэслэн тоо, чанарыг  оноогоор тооцож, хувиар үнэлнэ.

2.3. Үнэлгээний шалгуур, үзүүлэлт тус бүр нь адил ач холбогдол бүхий ижил хувь хэмжээтэй байна.

2.4. Албан хаагчийн ажлын үр дүнг “А”, “В” гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ.

2.5. Ажлын үр дүнг үнэлэхдээ шалгууруудын биелэлтийн чанарыг дараахь хувьд харгалзуулан тооцно:

Бүх шалгуурын биелэлтийн хувь

  Ажлын үр дүнгийн үнэлгээ

90-100

А

71-89

В

2.6. Үр дүнгийн шалгуурын биелэлт 71-ээс доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй.

2.7. Сургалтын байгууллагын багшийн ажлын үр дүнг сургалтын менежер, арга зүйч (арга зүйчгүй тохиолдолд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч) үнэлэн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн Заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэнэ.

2.8. Сургалтын байгууллагын багшаас бусад албан хаагч, ажилтны улирлын ажлын үр дүнг сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч үнэлэн хамт олны хурлаар хэлэлцүүлж дүгнэнэ.

2.9. Улирлын урамшил олгох шийдвэрийг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн Заах аргын нэгдэл, хамт олны хурлын дүгнэлтийг үндэслэн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч гаргана.

2.10. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын үр дүнг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлөөс томилсон ажлын хэсэг үнэлж, аймаг, нийслэлийн Боловсролын газар дүгнэнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багш, эцэг эхийн төлөөлөл 60-аас доошгүй хувь байна.

2.11. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгох дүгнэлтийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулна.

---оОо---

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)